ДАГВАДОРЖ АВАРГА ЗОРИЛГО ТЭМҮҮЛЭЛТЭЙ, ХҮҮХЭД ЗАЛУУСЫГ ДЭМЖИНЭ.

Сумо бөхийн домогт их аварга асашёорюү Д.Дагвадорж өнөөдөр өглөө буюу 2010.03.11-ний 11:25 цагт эх орондоо ирлээ. Чингис хаан нисэх онгоцны буудал дээр Хөгжлийн Түүчээ сан, Түүчээ бүлгэмийнхэн анд нөхөд анги хамт олноо цуглуулан хамтдаа их аваргаа эрч хүчээр дүүрэн угтлаа. "Аваргаа аваргаа Дагваа аваргаа талын Монголдоо тавтай морил" гэж нэгэн дуугаар орилж, тэнд байсан албаны хүмүүс, сэтгүүлчид, тэр тусмаа Японы сэтгүүлчдийн анхаарлыг ихэд татаж байлаа.
Чингис хаан нисэх онгоцны буудлаас хөдөлсөн их аварга Баянгол зочид буудлын хурлын танхим руу хөдөлж хэвлэлийнхэнтэй уулзсан юм. Тус хэвлэлийн бага хурал маш их халуун дулаан уур амьсгалтай, инээд хөөртэй маш сайхан өнгөрсөн бөгөөд зарим нэг сэтгүүлчдийн гэнэн асуулт, аваргын хөгжилтэй хариултууд улам хөгжөөж байсан.
Хэвлэлийн бага хуралд Хөгжлийн Түүчээ сан, Бодлогын мэтгэлцээний холбоо оролцсон бөгөөд Хөгжлийн Түүчээ сангийн ОНХА-ны дарга Ө.Төгөлдөр олон сэтгүүлч, зураглаачидтай эн зэрэгцэн түүний зургийг мэргэжлийн түвшинд авч байлаа.
Ингээд хэвлэлийн бага хуралд Хөгжлийн Түүчээ сангийнхны асуусан асуултанд их аварга маань хэрхэн хариулсаныг толилуулья.
Хөгжлийн Түүчээ сангийн тэргүүн Д.Гантулга "Надад нэг санал байна. Таны тоглосон Түмэн хишигтэн реклам олны талархлыг хүлээсэн маш сайхан реклам болсоон, та нэгэнтээ дэлхий хүү учраас Hollywood-д ч юмуу Чингис Хааны дүрийг бүтээн кинонд тоглох боломж бий юу?" гэсэн асуултанд бөх кино 2 өөр зүйл шүү дээ гэж хэлээд танхимыг инээлгэсэн юм.
Хөгжлийн Түүчээ сангийн 0:9 хөтөлбөрийн зохицуулагч Х.Энхбат: Та өөрөө бөхийн гайхамшигтай удамтай хүн, магадгүй хүүгээ 3 үеийн удамтай бөх болгож, сумогийн дэвжээнд хүүгээ өрсөлдүүлэх үү? 
Их аварга Д.Дагвадорж: Хүний хүсч мөрөөдөж байгаа зүйлийг буруу тийшээ, өөр юм руу залах нь буруу байх. Бие сэтгэл байгаад “аав маань ийм бөх байсан, би бөх болно” гэхэд бол хориод байх зүйл байхгүй. Гэхдээ дэлхийн спорт, олимп гэдэг бол өөр юм шүү дээ гэдгийг хэлмээр байна.
Хөгжлийн Түүчээ сангийн 0:9 хөтөлбөрийн зохицуулагч Х.Энхбат: Таныг хүүхэд, залуучуудыг дэмжинэ гэдэгт итгэлтэй байна. Өнөөдөр ядуу өрх, ядуурал Монголд их байна. Та ядууд туслахыг эхэнд болгох уу? аль эсвэл зорилго тэмүүлэтэй хүүхэд, залуусыг дэмжихийг илүүд үзэх үү?
Их аварга Д.Дагвадорж: Мэдээж спортод хүүхэд, залуусын хувьд зорилго тэмүүлэлтэйг дэмжинэ.Учир нь ядуу ч гэсэн зорилго тэмүүлэлтэй хүүхэд, залуус бий шүү дээ. Энэ тал дээр манай Асашёорюү сан хүүхэд залуусын оролцоог дэмжихээр ажиллаж байгаа. гэсэн хариултыг тус тус өглөө.
Ингээд хэвлэлийн бага хурлын дараагаар Их аварга маань шинээр төрсөн хүүхдүүдэд бэлгээ гардуулахаар хөдөлсөн юм. Тэрээр маргааш буюу 2010.03.12-нд Сүхбаатарын талбай дээрээ ард түмэнтэйгээ уулзах бөгөөд Цонжин болдогт байрлах Чингис хааны хөшөөг зорих гэнэ.












