ОЮУНЫ ҮДИЙН ЦАЙ БАЯНЗҮРХ ДҮҮРЭГТ
Хөгжлийн Түүчээ сангаас Оюуны үдийн цай хөтөлбөрийг эхлүүлээд сар гаруй хугацаа өнгөрөөд байна. Энэ хугацаанд хамтын ажиллагаа нэлээдгүй өргөжөөд байна. Тухайлбал Нийслэлийн хүүхдийн төлөө газар, Нийслэлийн боловсролын газар, Бодлогын мэтгэлцээний холбоо, “Хөдөөгийн хөгжлийн залуу элч” ТББ-тай хамтран ажиллаж, нийслэл хотын 209 ЕБС, болон Их, дээд сургууль, коллеж, МСҮТөвүүдэд зохион байгуулж байна.
Нийслэл хотын Баянзүрх дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хуралтай хамтран Нийслэлийн Баянзүрх дүүрэгт “Оюуны үдийн цай” хөтөлбөрийг 2010.04.07-2010.04.16-ний хооронд зохион байгуулахаар болоод байна.
2010.04.07-ний 13:00 цагаас Ерөнхий боловсролын 44-р сургууль дээр Баянзүрх дүүргийн нээлт болно. Тус нээлтийн арга хэмжээнд Нийслэлийн хүүхдийн төлөө газрын дарга С.Алтанцэцэг, Баянзүрх дүүргийн Засаг дарга Б.Батзориг, Баянзүрх дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгч Б.Төмөрбаатар, Баянзүрх дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын гишүүн, “Суман Гүн” Трейд-н ХХК-ний ерөнхий захирал Б.Сүхбаатар нар оролцох юм.
Мөн тус нээлтийн үеэр хамтлаг дуучид, бүжигчид, хөгжимчид хүрэлцэн ирж өөрийн уран бүтээлээ толилуулах юм.
Нээлтийн арга хэмжээний төгсгөлд Хөгжлийн Түүчээ сангийн тэргүүн Д.Гантулга “Моод эхлүүлье” сэдэвт лекцээ уншина.
Баянзүрх дүүрэгт:
2010.04.07-2010.04.09-нд ЕБСургуулиудад “Амжилтын гараа” цуврал лекц.
2010.04.10-нд идэвхтэй хүүхдүүдийг бүртгэн авч Оролцооны сургалтыг зохион байгуулж, суралцагсдын дундаас ярилцлагын журмаар шалгаруулан авч “Өсвөрийн Түүчээ” бүлгэмд элсүүлж, Баянзүрх дүүргийн “Өсвөрийн Түүчээ” бүлгэм байгуулна.
2010.04.14-2010.04.16-нд БЗДүүргийн их, дээд сургуулиудад “Амжилтын гараа” цуврал лекц.
2010.04.15-нд “Баянзүрх дүүргийн хөгжилд миний оролцоо” сэдэвт дүүргийн аварга шалгаруулах илтгэлийн тэмцээнийг 25 хүртэлх залуучууд, хүүхдүүдийн дунд зохион байгуулна.
2010.04.16-нд Баянзүрх дүүрэгт Оюуны үдийн цай хөтөлбөрийн хаалт, bayanzurkh.net вэб сайтын нээлтийн арга хэмжээ болно.
Ингээд Баянзүрхчүүд та бүхнийг Оюуны үдийн цайнд урьж байна.





















